Tuesday, December 23, 2014

Агаар, та амьд оршихуйн баталгаа

Бидний оршин буйн дэлхийн татах хүчинд захирагдан дэлхийн гадна талаар хүрээлэн байгаа хийн давхаргыг агаар гэдэг. Агаар мандал нь нарнаас ирэх хэт ягаан туяаг шингээж, өдөр шөнийн температурын ялгааг тогтворжуулан, дэлхий дээр амьдрал байх нөхцлийг бүрдүүлдэг билээ. Үүнээс гадна хүн төрөлхтөн, ургамал амьтан гээд амьтай бүхэн агаараар амьсгалдаг. Шинжлэх ухааны авч үзсэнээр агаарын найрлагын 78.08%-ийг азот, 20.95%-ийг хүчилтөрөгч, 0.93%-ийг аргон, 0.002%-ийг неон, 0.001%-ийг бусад элементүүд тус тус эзэлдэг байна.
            Тэгвэл агаарын бохирдол гэж юу вэ? Хими, биологийн гаралтай зүйлс болон элдэв тоосжилтын нөлөөнд агаар мандлын байгалийн шинж чанар алдагдах явцыг агаарын бохирдол хэмээн нэрлэдэг байна. Өнөөдөр агаарын бохирдол зөвхөн монголын хэмжээнд ч бус дэлхий нийтийн асуудал болон хувирчээ. Түүний дагуулах хор уршиг цөөнгүйн дээрээс үр дагавар нь том.
Агаарын бохирдол нь ихэнхдээ хүн ам олноор суурьшсан, байгаль орчны хууль, дүрэм журам нь сайнгүй, хөгжил буурай газар орнуудад нүүрлэдэг ч хүн ам шигүү олноор амьдардаг хөгжингүй орнуудын хувьд ч бас харанга дэлдэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хавдар судлалын олон улсын агентлагийн судалгаагаар агаарын бохирдол нь хүн төрөлхтнийг хорт хавдраар өвчлүүлдэг болохыг 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дэлхий нийтэд албан ёсоор зарласан. 2010 оны судалгаагаар дэлхий даяар агаарын бохирдлоос болж нийт 223000 хүн уушгины хорт хавдраар хорвоог орхижээ. Өвчлөлд хүн ам олонтой, аж үйлдвэрлэл хурдацтай хөгжиж байгаа орны иргэд ихээр хамрагдсан байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар өнөөгийн Улаанбаатар нэг шоо метр агаартаа 179 микрограмм тоосонцор агуулж байгаа нь хүний эрүүл мэндэд аюултай байх хэмжээнээс даруй 9 дахин их буюу дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын сүүлээсээ хоёрт эрэмблэгдээд байна. Улаанбаатар хотын агаарын чанарын албанаас нийслэл хотын агаарыг бохирдуулж байгаа гол эх үүсвэрийг 175 орчим мянган айл өрхийн хэрэглэж буй гэрийн зуух (60%), нийслэлийн гурван цахилгаан станц (6%), 180 гаруй мянган автотээврийн хэрэгслийн утаа (20%), 1.5 мянган бага болон нам даралтын уурын зуух (10%), бусад эх үүсвэр буюу шороон зам, баригдаж буй барилга байгууламж, тоосгоны үйлдвэр, хуурай хог хаягдал (4%) хэмээн үзжээ. Бидний амин чухал хэрэгцээ болсон агаар бохирдсоноор хүний бие организмд амьсгалын эрхтний болон харшлын эмгэг, зүрх судасны өвчин, хавдар, удамшлын эмгэг, төрөлхийн гаж хөгжил үүсгэх, нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, уушгины болон оюуны хэвийн үйл ажиллагаа алдагдуулах, биеийн ерөнхий эсэргүүцлийг сулруулах зэргээс гадна бусад онц хор нөлөөтэй байдаг. Эрүүл мэндийн статистикийн мэдээгээр Улаанбаатар хотод амьсгалын эрхтний өвчлөл жилээс жилд нэмэгдэж, нийт өвчлөлийн 23.4-24.4 хувийг эзэлж байгаа аж. Тус өвчин нь насанд хүрээгүй хүүхдийн өвчлөлийн 1 дүгээр байрыг эзэлдэг бөгөөд агаарын бохирдол ихтэй газар түүний эзлэх хувь нэмэгдэж байна.
Тэгвэл бидний өмнө агаарын бохирдлыг хэрхэн багасгах вэ? Түүний хор уршгийг хэрхэн бууруулах вэ? хэмээх асуудал тавигдаж байна. Ийм асуултанд хүн бүр “агаарын бохирдол үүсгэгч гол эх үүсвэрийн устгах нь зөв” гэсэн хариулт өгдөг. Гэтэл дулааны цахилгаан станцуудын үйл ажиллагааг зогсоох, гэр хорооллын айлуудыг бүгдийг нь нүүлгэн шилжүүлэх, автомашин ашиглахаа болих боломж байхгүй байна. Төрөөс “Нийслэлийн утааг, агаарын бохирдлыг багасгах зорилготойгоор олон олон төслүүдийг хэрэгжүүлж байна” гэдэг ч тэдгээр төслүүд нь тэр бүр ач холбогдлоо өгөхгүй байсаар байгааг өнөөдрийн Улаанбаатрын байдлаас бэлээхэн харж болно. Ингээд иргэд бид төр засгийн хэрэгжүүлж байна гээд байгаа төслүүдийг хэрэгжиж дуусахыг нь, үр дүнгээ өгөхийг нь хүлээвэл үнэг чонын үлгэр болох нь дамжиггүй болоод байна. Тиймээс амьдарч буй орчныхоо төлөө бид өөрсдөө санаа тавьж, агаарын бохирдлыг бууруулах арга зам, гарцыг өөрсдөөсөө эхлүүлсэн нь хамгийн бодит алхам болохоор болжээ.
Бид эхлээд “хорт утааг багасгана, агаарын бохирдлыг багасгана” хэмээн ярихаасаа өмнө өөрсдийнхөө эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, гадуур гарахдаа амны хаалт зүүх нь зөв. Өнөөдөр гэр хорооллын иргэд хуучин дугуйны хамер, муу шаталттай нүүрс ашиглаж байгаа нь агаар дахь хорт бодисын хэмжээг нэмэгдүүлээд байна. Тиймээс энд бүрэн шаталттай, зориулалтын коксжсон нүүрсийг хэрэглэх нь зүйтэй. Хүрээлэн буй орчныг бохирдуулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд шаардлага тавих, тавьсан шаардлагыг хэрэгсээгүй тохиолдолд холбогдох болон хуулийн байгууллагад хандан шийтгүүлэх нь агаарын бохирдлын эсрэг иргэдийн хийж байгаа нэгэн санаачлагатай ажиллагаа мөн юм.
Хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас болоод их хот маань агаарын бохирдлын зэргээрээ дэлхийд хоёрдугаарт орчихсон байгааг мэдээд иргэн та тайван сууж чадахгүй л болов уу? Амьд амьтан оршин тогтнохуйн үндэс болсон агаар маань цаашид ийнхүү бохирдсоор л байх уу? Бид харсаар л суух уу?

Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухааны Сургууль
Нийгмийн Ухааны салбар
Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим
III ангийн оюутан П.Сарангарав

No comments:

Post a Comment